Жижиг дунд бизнест: Аутсорсинг яагаад чухал вэ?
Бизнесийн өрсөлдөөнт орчинд урт хугацаанд оршин тогтнох, зорилтот хэрэглэгчдийн амьдралын хэв маягт гарч буй хурдацтай өөрчлөлт дэх эрэлтийг хангахад байгууллагын хязгаарлагдмал дотоод нөөц, боломжоор хүссэн үр дүндээ хүрнэ гэдэг хүндрэлтэй.
Аутсорсинг нь жижиг, дунд бизнесүүдийн амьдралын мөчлөгийг илүү тогтвортой байхад туслах бөгөөд үндсэн үйл ажиллагаанд хамаарахгүй ч өдөр тутмын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх Нягтлан бодох бүртгэл, маркетинг, технологи, логистик зэрэг бизнесийн чухал бүрдэл хэсгүүдийг аутсорсинг үйлчилгээгээр шийдэх нь нөөцийг зөв хуваарилах, зардлаа хэмнэх, орлого, үр ашгаа нэмэгдүүлэх боломжийг бий болгодог.
Технологи
Бичил болон жижиг дунд бизнесүүдийн хувьд өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх техник, технологид нэг дор хөрөнгө оруулах нь эрсдэлтэй. Тиймээс та өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тохирох, зах зээлд хэдийн туршигдсан технологийн шийдлийг хямд зардлаар буюу аутсорсингоор шийдэх боломжтой.
Санхүү, Нягтлан бодох бүртгэл
Бизнесийн хувьд санхүү, нягтлан бодох бодох бүртгэлийн хэрэгцээ зайлшгүй шаардлагатай. Хэрвээ та өөрөө л энэ салбарын мэргэжилтэн биш бол энэ орон тоон дээр бүтэн цагийн ажилтан авч ажиллуулахаас илүүтэй тухайн салбартаа мэргэшсэн мэргэжлийн байгууллагатай хамтран аутсорсинг үйлчилгээ авах нь хүний нөөцийн зардлыг бууруулахаас гадна учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс сэргийлнэ.
Дижитал маркетинг
Цар хүрээний хувьд уламжлалт маркетингаас эрс ялгаатай дижитал маркетинг нь жижиг, дунд бизнесүүдийн хувьд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл болсон. Цахим худалдаа, сошиал медиа зэрэг өөр өөр салбарт зорилтот бүлгээ тодорхойлохоос эхлээд стратеги боловсруулах, удирдах зэрэг бүх үе шатуудад мэргэжлийн хүний тусламж аваарай.
Дуудлагын төв
Хэрэглэгчтэй үүсэх харилцааг удирдах, асуудал шийдвэрлэх гээд мэргэжлийн хүний ур чадвар шаардлагатай харилцааг дуудлагын төвийн үйлчилгээнд даатгах нь нэмэлтээр ажилчид авах, сургах, тоног төхөөрөмжөөр хангах гээд олон шат дамжлагатай ажилд шаардагдах цаг, нөөц хэмнэсэн зөв шийдэл болно.