Нийтлэл
BAAZ системийн сүүлийн үеийн мэдээлэл, шинэ функцүүд, ашиглалтын зааварчилгаа зэргийг эндээс уншина уу
Жижиг дунд бизнест: Аутсорсинг яагаад чухал вэ?
Бизнесийн өрсөлдөөнт орчинд урт хугацаанд оршин тогтнох, зорилтот хэрэглэгчдийн амьдралын хэв маягт гарч буй хурдацтай өөрчлөлт дэх эрэлтийг хангахад байгууллагын хязгаарлагдмал дотоод нөөц, боломжоор хүссэн үр дүндээ хүрнэ гэдэг хүндрэлтэй. Аутсорсинг нь жижиг, дунд бизнесүүдийн амьдралын мөчлөгийг илүү тогтвортой байхад туслах бөгөөд үндсэн үйл ажиллагаанд хамаарахгүй ч өдөр тутмын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх Нягтлан бодох бүртгэл, маркетинг, технологи, логистик зэрэг бизнесийн чухал бүрдэл хэсгүүдийг аутсорсинг үйлчилгээгээр шийдэх нь нөөцийг зөв хуваарилах, зардлаа хэмнэх, орлого, үр ашгаа нэмэгдүүлэх боломжийг бий болгодог. Технологи Бичил болон жижиг дунд бизнесүүдийн хувьд өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх техник, технологид нэг дор хөрөнгө оруулах нь эрсдэлтэй. Тиймээс та өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тохирох, зах зээлд хэдийн туршигдсан технологийн шийдлийг хямд зардлаар буюу аутсорсингоор шийдэх боломжтой. Санхүү, Нягтлан бодох бүртгэл Бизнесийн хувьд санхүү, нягтлан бодох бодох бүртгэлийн хэрэгцээ зайлшгүй шаардлагатай. Хэрвээ та өөрөө л энэ салбарын мэргэжилтэн биш бол энэ орон тоон дээр бүтэн цагийн ажилтан авч ажиллуулахаас илүүтэй тухайн салбартаа мэргэшсэн мэргэжлийн байгууллагатай хамтран аутсорсинг үйлчилгээ авах нь хүний нөөцийн зардлыг бууруулахаас гадна учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс сэргийлнэ. Дижитал маркетинг Цар хүрээний хувьд уламжлалт маркетингаас эрс ялгаатай дижитал маркетинг нь жижиг, дунд бизнесүүдийн хувьд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл болсон. Цахим худалдаа, сошиал медиа зэрэг өөр өөр салбарт зорилтот бүлгээ тодорхойлохоос эхлээд стратеги боловсруулах, удирдах зэрэг бүх үе шатуудад мэргэжлийн хүний тусламж аваарай. Дуудлагын төв Хэрэглэгчтэй үүсэх харилцааг удирдах, асуудал шийдвэрлэх гээд мэргэжлийн хүний ур чадвар шаардлагатай харилцааг дуудлагын төвийн үйлчилгээнд даатгах нь нэмэлтээр ажилчид авах, сургах, тоног төхөөрөмжөөр хангах гээд олон шат дамжлагатай ажилд шаардагдах цаг, нөөц хэмнэсэн зөв шийдэл болно.
Бизнесийн санхүүгээ цэгцтэй хөтлөх 5 алхам
Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент нь бизнесийн урт хугацааны амжилтын үндэс. Компанийн хэмжээ, ажилчдын тоо зэргээс үл хамааран бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, оновчтой шийдвэр гаргах, санхүүгийн бат бөх суурийг бий болгоход зайлшгүй анхаарах ёстой. Үүнд санхүүгийн эмх цэгцтэй бүртгэл, хөтлөлт, тайлан тусална. Алхам 1: Санхүүгийн тодорхой зорилтуудыг бий болгох Зөв цэгээс эхлэхийн тулд санхүүгийн зорилгоо тодорхойлох нь маш чухал. Хүрэхээр төлөвлөж буй орлого, ашиг, мөнгөн гүйлгээ болон бусад санхүүгийн гол хэмжүүрүүдэд бодитой, хэмжигдэхүйц зорилтуудыг тавиарай. Эдгээр зорилго нь таны санхүүгийн шийдвэр гаргахад чиглүүлэгч луужин болно. Алхам 2: Дэлгэрэнгүй төсөв боловсруулах Нарийвчилсан төсөв гаргах нь танд бизнесийн санхүүгээ зөв зохион байгуулахад тусална. Өмнөх жил, сарын санхүүгийн мэдээлэл дээрээ тулгуурлан түрээс, түүхий эд материал, цалин, маркетинг, үйл ажиллагаа гэх мэт урсгал болон тогтмол зардлын задаргааг дэлгэрэнгүй ангилан хуваагаарай. Алхам 3. Тогтмол хяналтыг зуршил болгох Хамгийн сайн санхүүгийн системтэй байсан ч завгүй, анхаарал хандуулахгүй бол бизнесээ үргэлжлүүлэхэд хүндрэл учирч, хяналтаа алдана. Хаана, аль хэсэгт алдаа гарсанг шүүн цаг алдах нь өнөөдрийг хүртэл бий болгосон шаргуу хөдөлмөрөө эмх замбараагүй байдалд оруулах эрсдэлтэй. Тиймээс өөрийн бизнесийн санхүүгийн байдлыг нэн тэргүүнд авч үзэн, сар бүр тогтмол мөнгөн урсгалаа хянаж, төлөвлөгөөндөө хүрч байгаа эсэхээ баталгаажуулах нь ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа эсэхийг эрт илрүүлэх боломжтой болно. Алхам 4: Санхүү, бүртгэлийн программ ашиглах Бизнесийн хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагаанд тохирох санхүүгийн программ сонгон, хөрөнгө оруулалт хийх нь санхүүгээ цэгцтэй, үнэн зөв хөтлөхөд тань тусална. Санхүү бүртгэлийн программ нь борлуулалт түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл, үлдэгдэл, орлого зарлагын бүртгэлийг хөтлөх, үндсэн хөрөнгө бүртгэх, элэгдэл тооцох, мөнгөн гүйлгээ, цалингийн жагсаалт, нэхэмжлэх, борлуулагчдад хуваарийн дагуу төлбөр төлөх, татварын тайланг хугацаанд нь алдаагүй бэлтгэх гээд олон үйлдлийг нэгтгэсэн байдаг. Алхам 5: Санхүүгийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах Бизнесийн санхүүгээ бие даан удирдан, шийдвэр гаргах нь танд хэцүү, хүндрэлтэй санагдаж байна уу? Тийм бол мэргэжлийн байгууллагад хандан, зөвлөх үйлчилгээ авах цаашлаад санхүү бүртгэлийн хэсгийг аутсорсингоор шийдэж болох ба таны төсөөлж байгаагаас ч илүү үр дүн, ач холбогдолтой шийдэл байж болох юм. Санхүүгийн мэргэжилтнүүд танд өдөр тутмын санхүү бүртгэлийг оновчтой болгох, цогц шийдвэр гаргахад тань туслах болно.